Thursday, March 10, 2011

Энэ цаг үеийн алдарт кино найруулагч Ж.Камероны түүх


Нэрт кино найруулагч Жеймс Францис Камерон 1954 оны наймдугаар сарын 16-нд төржээ. Тэрбээр кино сонирхогчдын сайн мэдэх “Терминатор”, “Харийнхан”, “Титаник”, “Аватар” зэрэг кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг уран бүтээлүүдийг туурвисан уран бүтээлч юм.


Жеймс Камероны 1997 онд бүтээсэн “Титаник” 2009 оныг хүртэл бүх цаг үеийн хамгийн орлоготой киноны жагсаалтыг тэргүүлж байсан ч тэрбээр 2009 онд “Аватар” киног дэлгэцнээ гарган “Титаник”-ийн амжилтыг эвдэн шилдэг найруулагч гэдгээ харуулжээ. Тэрбээр “Титаник” киноны дараа бүрэн хэмжээний киноноос үр татгалзсан ч баримтат киноны төрөлд хүч үзэн шинэ үеийн технологи болох 3-D технологийг кино урлагт хөгжүүлэхээр ажиллаж байжээ.
Кино найруулагч Жеймс Камероны бүтээсэн нийт кино нь Хойд Америкийн кино театраас хоёр тэрбум долларын ашиг олсон бол дэлхий даяар зургаан тэрбум долларын орлого олсон байна. Үүнээс гадна тэрбээр бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон кино найруулагчийн нэг болжээ. Камероны бүтээсэн “Титаник” болон “Аватар” кино нь бүх цагийн үеийн хамгийн их ашиг олсон киноны эхний хоёр байрыг эзэлж байгаа билээ.
Кино найруулагч Камерон Канадын Онтарио мужийнн Капускасин хотод төрсөн байна. Түүний ээж Ширлей сувилагч, эцэг Филип Камерон цахилгаанчнаар ажилладаг байв. Тэрбээр Ниагара Фоллсын Стэмфордын коллежид сурч байсан ч 1971 онд буюу түүнийг 17 настай байхад тэдний гэр бүл Калифорни руу нүүжээ. Үүний дараа Калифорни мужийн их сургуулийн Философийн ангийг төгссөн байна. Дээд боловсрол олсон Камерон сургуулиа төгссөний дараа ачааны автомашины жолооч зэрэг олон янзын ажил хийж байжээ. Энэ үед тэрбээр өөрийн сонирхлоор шүлэг, зохиол бичдэг байв. 1977 онд “Оддын дайн” кино үзсэний дараа Камерон ачааны машины жолоочийн ажлаа орхин кино урлагт хөл тавихаар шийдсэн байна.
Жеймс Камерон Сид Фиельдийн зохиол ихээр сонирхон шинжлэх ухааны төрөлд илүү татагдаж, хоёр найзын хамт 10 минут үргэлжилдэг шинжлэх ухааны холбогдолтой "Сеногеннис" киноны зохиол бичжээ. Тэд энэ зохиолоосоо олсон мөнгөөр дүрс бичлэгийн камер, 35 мм хальс зэргийг түрээсэлжээ. Ингэснээр ирээдүйн нэрт кино найруулагч Камерон камертай хэрхэн ажилладаг талаар анхны мэдэгдэхүүнтэй болсон байна.
Камерон кино урлагийн техник хэрэгслийг хэрхэн ашиглах талаар өөрөө бие даан суралцаж, “Рожер Корман” студид туслах ажилтнаар оржээ. Тэрбээр энд байхдаа хурдан шуурхай, бага зардлаар хэрхэн уран бүтээл туурвих талаар багагүй туршлага хуримтлуулжээ. Үүний дараа Камерон 1980 онд шинжлэх ухааны холбогдолтой “Оддын цаанах тулаан” киноны найруулагчаар ажилласан байна. Үүний дараа хэд хэдэн уран бүтээлд ажиллан махчин загасны амьдралыг харуулсан “Пираня” киноны найруулагчаар ажиллаж, 1981 онд уг бүтээлийн дараагийн ангийг бүтээсэн байна. Энэ киноны төслийн ажил энэ бүтээлээр дуусчээ.
Жеймс Камерон “Терминатор” зохиолоо бичсэний дараа үүнийгээ заран өөрөө найруулагчаар ажиллах хүсэлтэй байв. Кино бүтээх компаниуд түүний зохиолыг сонирхож байсан ч Камероноор киног найруулахыг хүсэхгүй байлаа. Учир нь тэрбээр өмнө нь бүрэн хэмжээний кино найруулж байгаагүй учир туршлага муу хэмээн голж байжээ. Эцэст нь Камерон түүнийг найруулагчаар ажиллуулах компанийг олж, Хемдале пикчер компанитай хамтран ажиллахаар болжээ. Гэхдээ түүний зохиолыг нэг доллароор л худалдан авсан байна. Учир нь Камерон өөрөө найруулагчаар ажиллана гэсэн учир ийм болзол тавьжээ. Камеронтой өмнө нь ажиллаж байсан Гале Энне Хард уг киноны продюсерээр ажиллажээ.
“Терминатор” киноны гол дүр булчинлаг эрийг тоглуулах хүсэлгүй байсан бөгөөд Камерон “Пираня-2” киноны гол дүрд тоглосон Лэнсе Хенриксенийг алуурчин роботын оронд тоглуулахаар ярьж байв. Харин тэрбээр Арнольд Шварцнеггертэй уулзан түүнийг Кайле Резегийн дүрд тоглуулахаар ярилцсан байна. Кино зураг авалт эхэлснээр Хенриксен Лос Анжелесийн цагдаагийн газрын мөрдөгчийн туслах дүрд тоглон Кайле Резег жүжигчин Майкл Биехн бүтээжээ. Сонирхуулж хэлэхэд Сара Коннорын дүрийг бүтээсэн Линда Хамилтон хожим нь Камеронтой гэрлэж байжээ.
1984 онд дэлгэцнээ гарсан “Терминатор” кино төлөвлөж байснаас илүү амжилт олсон бөгөөд 6,5 сая долларын төсвөөр бүтсэн уг кино дэлхийн кино театруудаас 78 сая долларын орлого олсон байна. Камерон дэлхийн шилдэг бүтээлээ амжилттай эхлүүлснээр 1980 ондоо багтаан “Харийнхан”, “Рэмбо” киноны найруулагчаар ажиллажээ. 1991 онд “Терминатор-2” киногоо бүтээжээ. Уг киноны дараагийн анги буюу “Терминатор-3: Машинуудын бослого” кино 2003 оны долдугаар сард дэлгэцнээ гарсан юм. Гэвч Камерон гуравдугаар ангийн найруулагчаар ажиллаагүй билээ. Тэрбээр Шварцнеггертэй хэд хэдэн уран бүтээл хамтран ажилласан бөгөөд түүнтэй хамтран бүтээсэн “Үнэн ба худал” кино ч багагүй амжилт олжээ.
Жеймс Камерон далайн эхний аяллаараа живсэн алдарт “Титаник” хөлгийн тухай кино бүтээхээр ханцуй шамлан ажилдаа орж, 1997 онд уг бүтээлээ дэлгэцнээ гаргасан юм. Тэрбээр энэ кинондоо залуу, авьяаслаг, дур булаам жүжигчин Леонардо ДиКаприо, Кэйт Уинслетийг оролцуулан гол дүрээ бүтээсэн байна. Түүний энэ кино 200 сая долларын төсвөөр бүтсэн бөгөөд тухайн цаг үеийн хамгийн их зардалтай бүтээл болж байжээ.
“Титаник” кино 1997 оны 12 дугаар сарын 19-нд нээлтээ хийж, эхний долоо хоногтоо 28 сая долларын ашиг цуглуулсан байна. Тус бүтээл бараг сар гаруй хугацаатай хамгийн орлоготой киноны жагсаалтыг тэргүүлжээ. Ингэснээр АНУ-ын кино театруудаас 600 сая, дэлхийн кино театруудаас 1,8 тэрбум долларын ашиг олжээ. Энэ нь уг киног 2009 он хүртэл хамгийн их ашиг олсон кино болгосон байна. Үүнээс гадна “Титаник” кино Оскарын 14 шагналд нэр дэвшин 11 шагнал хүртэн мөн амжилт тогтоожээ. Камерон энэ киногоороо Оскарын шилдэг найруулагчийн шагнал хүртсэн байна. Тэрбээр 2000-2002 онд “Хүн аалз”, “Харанхуйн сахиусан тэнгэр” зэрэг уран бүтээл дээр ажиллажээ.
2005 онд Камерон “Төсөл 880” /одоо “Аватар” нэрээрээ ил болсон/ болон “Тулааны сахиусан тэнгэр” гэдэг төсөл дээр ажиллаж байгаагаа зарласан байна. Энэ хоёр бүтээл нь 3D технологи ашигласан байна. Тэрбээр хамгийн эхэнд “Тулааны сахиусан тэнгэр” киног бүтээн “Аватар” киног дараа нь гаргахаар төлөвлөж байсан ч 2006 оны хоёрдугаар сард төлөвлөгөөгөө өөрчлөн Аватарыг эхэнд гаргажээ. Түүний хоёр бүтээл амжилт олбол тэрбээр гурамсан зохиолоор хүч үзнэ гэдгээ мэдэгдэж байв.
“Аватар” кино 300 сая долларын төсвөөр бүтэн 2009 оны 12 дугаар сарын 18-нд дэлгэцнээ гарсан байна. Энэ кино нь түүний хувьд “Титаник” кино буюу 1997 оноос хойших анхны томоохон хэмжээний бүтээл болжээ. Киног 2009 оны тавдугаар сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн ч кино театруудад 3D бүхий прожектор суулгах ажлыг бүрэн дуусгахын тулд нээлтээ хойшлуулжээ. Ингэснээр Камероны шинэ бүтээл “Титаник” киноны амжилтыг эвдэн хоёр тэрбум доллар давсан ашиг олсон дэлхийн анхны кино болсон байна. “Аватар” кино Оскарын шагналын есөн төрөлд нэр дэвшсэн олон шагнал хүртэнэ гэж олон хүн тооцож байсан ч ердөө гурван шагнал хүртсэн юм. Жеймс Камерон шилдэг кино найруулагчийн шагналаа хуучин эхнэр Катрин Бигеловт алдсан билээ. Түүний хуучин эхнэр “Харт Локер” киногоороо 2010 оны Оскарын шилдэг кино найруулагчийн эзэн болжээ. Кино найруулагч тэрбээр таван удаа гэрлэж байжээ.