Tuesday, January 26, 2010

Кино ертөнцийн түүхэнд хамгийн их зардлаар бүтсэн кинонууд

Дэлхийн кино театруудаар Жеймс Камероны "Avatar" кино гараад удаагүй байна. Одоогийн байдлаар дэлхийн кино ертөнцийн түүхэнд хамгийн их зардлаар бүтээд байгаа эл киноны тухай хэвлэлийнхэн төдийгүй кино шүүмжлэгч, сонирхогчид ч ярилцаж байна. Холливудын кино бүтээгчдээс хэн нь ч өдийг хүртэл 500 сая ам.доллар буюу Европын жижиг улсын нэг жилийн төсөв болж чадах ийм мөнгийг бүтээлдээ зориулж зүрхлээгүй байсан. Тиймдээ ч кино ертөнцөд жинхэнэ утгаараа тэсрэлт болоод байгаа уг киноны тухайд олон үг илүүц. Ингээд кино ертөнцийн түүхэнд хамгийн их зардлаар бүтсэн 15 киног танд танилцуулъя. Энэхүү тоймийг Америкийн Chicago Now хэвлэлийн газар бүрдүүлэн толилуулжээ.
15. Хурд 2- (1997) – 215 сая ам.доллар.
Энэ киноны усан онгоц живүүлэх зураг авалтад бусад зураг авалтаас хавьгүй их мөнгө зарцуулсан байна. Киноны зардлын дийлэнх мөнгө зөвхөн эл хэсгийн зураг авалтад явжээ. Дэлхийн кино түрээсийн газруудаас уг кино ердөө 220 сая ам.доллар олсон нь киноны зардлаа дөнгөн данган эргүүлж олсон гэсэн үг. Юун ашиг олох манатай!
14. Икс хүмүүс: Сүүлчийн тулаан (2007) – 218 сая ам.доллар.
Икс хүмүүсийн төгсгөлийн хэсгийн зураг авалт мөнгийг жинхэнэ “уусан” гэдэг. Усан онгоцны живэлтийг харуулж дэмий шахам мөнгө зарлагадсан өмнөх киног бодвол энэ киноны түрээс хангалттай их буюу 478 сая ам.доллар цуглуулж чаджээ.
13. Зэрлэг, зэрлэг Өрнө (1999) -220 сая ам. доллар.
Нэрт peп дуучин Уилл Смитийн тоглосон эл кино ердөө л 285 сая ам. доллар олж 60 сая гаруйхны ашиг олжээ.
12. Нарниагийн түүх: Ханхүү Каспиан (2008) – 225,9 сая ам. доллар.
Нарниагийн түүх киноны хоёрдугаар анги дэлхийн кино түрээсийн газруудаас 420 сая ам.доллар олж, зарлагаа хангалттай нөхөж чаджээ.
11.Хүн-аалз 2(2004)-228 сая ам. доллар.
Хүн аалзын хоёрдугаар анги нь үзэгч, шүүмжлэгчдийн зүгээс санал гомдол, сайшаал магтаалаар бөмбөгдүүлсэн. Түрээсийн орлого нь 896 сая ам.доллар хүрч “цөм” ашиг хийжээ.
10. Кинг Конг (2005) – 229 сая ам.доллар.
Питер Жексоны уран зөгнөлт кино шүүмжлэгчдэд ихэд таалагдсан ч шууд ашиг олж чадахгүй л байлаа. Аажим аажмаар киноны эрэлт ихэсч түрээсээр 608 сая ам.доллар олов.
9. Терминатор 3: (2003) -234 сая ам. доллар.
Дур татам үзэсгэлэнт терминатор бүсгүй уг киног түрээснээс 508 сая ам.доллар олоход хүргэжээ. Учир нь уг кино шүүмжлэгчдийн зүгээс багагүй “банга” хүртсэн.
8. Карибын тэнгисийн дээрэмчид 2: (2006) – 241 сая ам. доллар.
Кино бүтээгчид хоёр дахь “дээрэмчдийн” ачаар багагүй мөнгө халааслаж чадсан. Киноны түрээсийн ашиг нэг тэрбум хүрсэн гээд бод доо!
7. Усны ертөнц (1995) – 248 сая ам. доллар.
- Хүмүүс усан дор амьдардаг!
- Тэд яаж амьсгалдаг юм бол?
- Загасны загалмайн тусламжтайгаар гэнэ!
“Усны ертөнц” хэмээх эл уран зөгнөлт кино АНУ-ын түрээсүүдээс 124 сая ам.доллар олсон ч дэлхийн зах зээлд илүү амжилт гаргасан юм.
6. Хүн- аалз 3 (2007) – 268 сая ам. доллар.
Хүн аалзын тухай хийсэн нөгөө хоёр киноноосоо гурав дахь нь харьцангуй өндөр зарлагаар бүтжээ. Арай л үнэтэй болчихов уу даа гэж найруулагчийнхаа сэтгэлийг хөндөөд авсан киноны орлого 927 сая ам.доллар хүрч сая нэг санааг нь амраажээ.
5. Титаник (1997) – 269 сая ам. доллар.
Жеймс Камероны “Титаник” гайхалтай болж үзэгчдийн зүрх сэтгэлийг жинхэнэ утгаар байлдан дагуулж кино түрээсээс асар их буюу 2.48 тэрбум ам.долларын ашиг олсон юм. Энэ их ашиг нь найруулагчид цаашдын киногоо бүтээх хөрөнгийг нөөцлөхөд хүргэж магадгүй ” Аватар” төрсөн байх.
4. Супермен эргэж ирсэн нь (2006) – 289 сая ам. доллар.
Энэ бол Брайан Сингерийн хувийн төсөл байсан юм. Кино түрээсээс 419 сая ам.долларын ашиг олсон ч кинонд зарцуулсан 289 ам.доллар болон киноны сурталчилгаа, маркетингад зориулсан болон бусад зардлаа арай л гэж олсон байна.
3. Клеопатра (1963) – 310 сая ам.доллар.
Элизабет Тейлорийн гол дүрд нь тоглосон уг түүхэн кино одоог хүртэл дэлхийн кино ертөнцөд хамгийн үнэтэй кинонуудын нэгд зүй ёсоор бичигдсэн хэвээр. Зөвхөн Америкт л гэхэд 402 сая ам.долларын орлого олсон гэдэг.
2. Карибын тэнгисийн дээрэмчид 3: Ертөнцийн төгсгөлд (2007) – 317 сая ам. доллар.
"Дээрэмчдийн" гурав дахь анги нь хоёр дахиасаа өндөр өртгөөр бүтээгдсэн ч бараг л адил буюу нэг тэрбум жаахан гаруйн орлого олсон юм. Гэхдээ л гурвал кино кино ертөнцөд дээгүүрт жагсдаг.
1. Avatar (2009) – 500 сая ам. доллар.
"Аватар" – дэлхийн кино ертөнцийн түүхэн дэх хамгийн үнэтэй бүтсэн кино. Хэдийгээр "Хорьдугаар зуун Фокс" киноныхоо зарлагыг албан ёсоор мэдээлээгүй ч Холливудын бусад киноны зардлыг нэг дахин нугалсан гэдэг нь тодорхой болсон.