Thursday, March 10, 2011

Энэ цаг үеийн алдарт кино найруулагч Ж.Камероны түүх


Нэрт кино найруулагч Жеймс Францис Камерон 1954 оны наймдугаар сарын 16-нд төржээ. Тэрбээр кино сонирхогчдын сайн мэдэх “Терминатор”, “Харийнхан”, “Титаник”, “Аватар” зэрэг кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг уран бүтээлүүдийг туурвисан уран бүтээлч юм.


Жеймс Камероны 1997 онд бүтээсэн “Титаник” 2009 оныг хүртэл бүх цаг үеийн хамгийн орлоготой киноны жагсаалтыг тэргүүлж байсан ч тэрбээр 2009 онд “Аватар” киног дэлгэцнээ гарган “Титаник”-ийн амжилтыг эвдэн шилдэг найруулагч гэдгээ харуулжээ. Тэрбээр “Титаник” киноны дараа бүрэн хэмжээний киноноос үр татгалзсан ч баримтат киноны төрөлд хүч үзэн шинэ үеийн технологи болох 3-D технологийг кино урлагт хөгжүүлэхээр ажиллаж байжээ.
Кино найруулагч Жеймс Камероны бүтээсэн нийт кино нь Хойд Америкийн кино театраас хоёр тэрбум долларын ашиг олсон бол дэлхий даяар зургаан тэрбум долларын орлого олсон байна. Үүнээс гадна тэрбээр бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон кино найруулагчийн нэг болжээ. Камероны бүтээсэн “Титаник” болон “Аватар” кино нь бүх цагийн үеийн хамгийн их ашиг олсон киноны эхний хоёр байрыг эзэлж байгаа билээ.
Кино найруулагч Камерон Канадын Онтарио мужийнн Капускасин хотод төрсөн байна. Түүний ээж Ширлей сувилагч, эцэг Филип Камерон цахилгаанчнаар ажилладаг байв. Тэрбээр Ниагара Фоллсын Стэмфордын коллежид сурч байсан ч 1971 онд буюу түүнийг 17 настай байхад тэдний гэр бүл Калифорни руу нүүжээ. Үүний дараа Калифорни мужийн их сургуулийн Философийн ангийг төгссөн байна. Дээд боловсрол олсон Камерон сургуулиа төгссөний дараа ачааны автомашины жолооч зэрэг олон янзын ажил хийж байжээ. Энэ үед тэрбээр өөрийн сонирхлоор шүлэг, зохиол бичдэг байв. 1977 онд “Оддын дайн” кино үзсэний дараа Камерон ачааны машины жолоочийн ажлаа орхин кино урлагт хөл тавихаар шийдсэн байна.
Жеймс Камерон Сид Фиельдийн зохиол ихээр сонирхон шинжлэх ухааны төрөлд илүү татагдаж, хоёр найзын хамт 10 минут үргэлжилдэг шинжлэх ухааны холбогдолтой "Сеногеннис" киноны зохиол бичжээ. Тэд энэ зохиолоосоо олсон мөнгөөр дүрс бичлэгийн камер, 35 мм хальс зэргийг түрээсэлжээ. Ингэснээр ирээдүйн нэрт кино найруулагч Камерон камертай хэрхэн ажилладаг талаар анхны мэдэгдэхүүнтэй болсон байна.
Камерон кино урлагийн техник хэрэгслийг хэрхэн ашиглах талаар өөрөө бие даан суралцаж, “Рожер Корман” студид туслах ажилтнаар оржээ. Тэрбээр энд байхдаа хурдан шуурхай, бага зардлаар хэрхэн уран бүтээл туурвих талаар багагүй туршлага хуримтлуулжээ. Үүний дараа Камерон 1980 онд шинжлэх ухааны холбогдолтой “Оддын цаанах тулаан” киноны найруулагчаар ажилласан байна. Үүний дараа хэд хэдэн уран бүтээлд ажиллан махчин загасны амьдралыг харуулсан “Пираня” киноны найруулагчаар ажиллаж, 1981 онд уг бүтээлийн дараагийн ангийг бүтээсэн байна. Энэ киноны төслийн ажил энэ бүтээлээр дуусчээ.
Жеймс Камерон “Терминатор” зохиолоо бичсэний дараа үүнийгээ заран өөрөө найруулагчаар ажиллах хүсэлтэй байв. Кино бүтээх компаниуд түүний зохиолыг сонирхож байсан ч Камероноор киног найруулахыг хүсэхгүй байлаа. Учир нь тэрбээр өмнө нь бүрэн хэмжээний кино найруулж байгаагүй учир туршлага муу хэмээн голж байжээ. Эцэст нь Камерон түүнийг найруулагчаар ажиллуулах компанийг олж, Хемдале пикчер компанитай хамтран ажиллахаар болжээ. Гэхдээ түүний зохиолыг нэг доллароор л худалдан авсан байна. Учир нь Камерон өөрөө найруулагчаар ажиллана гэсэн учир ийм болзол тавьжээ. Камеронтой өмнө нь ажиллаж байсан Гале Энне Хард уг киноны продюсерээр ажиллажээ.
“Терминатор” киноны гол дүр булчинлаг эрийг тоглуулах хүсэлгүй байсан бөгөөд Камерон “Пираня-2” киноны гол дүрд тоглосон Лэнсе Хенриксенийг алуурчин роботын оронд тоглуулахаар ярьж байв. Харин тэрбээр Арнольд Шварцнеггертэй уулзан түүнийг Кайле Резегийн дүрд тоглуулахаар ярилцсан байна. Кино зураг авалт эхэлснээр Хенриксен Лос Анжелесийн цагдаагийн газрын мөрдөгчийн туслах дүрд тоглон Кайле Резег жүжигчин Майкл Биехн бүтээжээ. Сонирхуулж хэлэхэд Сара Коннорын дүрийг бүтээсэн Линда Хамилтон хожим нь Камеронтой гэрлэж байжээ.
1984 онд дэлгэцнээ гарсан “Терминатор” кино төлөвлөж байснаас илүү амжилт олсон бөгөөд 6,5 сая долларын төсвөөр бүтсэн уг кино дэлхийн кино театруудаас 78 сая долларын орлого олсон байна. Камерон дэлхийн шилдэг бүтээлээ амжилттай эхлүүлснээр 1980 ондоо багтаан “Харийнхан”, “Рэмбо” киноны найруулагчаар ажиллажээ. 1991 онд “Терминатор-2” киногоо бүтээжээ. Уг киноны дараагийн анги буюу “Терминатор-3: Машинуудын бослого” кино 2003 оны долдугаар сард дэлгэцнээ гарсан юм. Гэвч Камерон гуравдугаар ангийн найруулагчаар ажиллаагүй билээ. Тэрбээр Шварцнеггертэй хэд хэдэн уран бүтээл хамтран ажилласан бөгөөд түүнтэй хамтран бүтээсэн “Үнэн ба худал” кино ч багагүй амжилт олжээ.
Жеймс Камерон далайн эхний аяллаараа живсэн алдарт “Титаник” хөлгийн тухай кино бүтээхээр ханцуй шамлан ажилдаа орж, 1997 онд уг бүтээлээ дэлгэцнээ гаргасан юм. Тэрбээр энэ кинондоо залуу, авьяаслаг, дур булаам жүжигчин Леонардо ДиКаприо, Кэйт Уинслетийг оролцуулан гол дүрээ бүтээсэн байна. Түүний энэ кино 200 сая долларын төсвөөр бүтсэн бөгөөд тухайн цаг үеийн хамгийн их зардалтай бүтээл болж байжээ.
“Титаник” кино 1997 оны 12 дугаар сарын 19-нд нээлтээ хийж, эхний долоо хоногтоо 28 сая долларын ашиг цуглуулсан байна. Тус бүтээл бараг сар гаруй хугацаатай хамгийн орлоготой киноны жагсаалтыг тэргүүлжээ. Ингэснээр АНУ-ын кино театруудаас 600 сая, дэлхийн кино театруудаас 1,8 тэрбум долларын ашиг олжээ. Энэ нь уг киног 2009 он хүртэл хамгийн их ашиг олсон кино болгосон байна. Үүнээс гадна “Титаник” кино Оскарын 14 шагналд нэр дэвшин 11 шагнал хүртэн мөн амжилт тогтоожээ. Камерон энэ киногоороо Оскарын шилдэг найруулагчийн шагнал хүртсэн байна. Тэрбээр 2000-2002 онд “Хүн аалз”, “Харанхуйн сахиусан тэнгэр” зэрэг уран бүтээл дээр ажиллажээ.
2005 онд Камерон “Төсөл 880” /одоо “Аватар” нэрээрээ ил болсон/ болон “Тулааны сахиусан тэнгэр” гэдэг төсөл дээр ажиллаж байгаагаа зарласан байна. Энэ хоёр бүтээл нь 3D технологи ашигласан байна. Тэрбээр хамгийн эхэнд “Тулааны сахиусан тэнгэр” киног бүтээн “Аватар” киног дараа нь гаргахаар төлөвлөж байсан ч 2006 оны хоёрдугаар сард төлөвлөгөөгөө өөрчлөн Аватарыг эхэнд гаргажээ. Түүний хоёр бүтээл амжилт олбол тэрбээр гурамсан зохиолоор хүч үзнэ гэдгээ мэдэгдэж байв.
“Аватар” кино 300 сая долларын төсвөөр бүтэн 2009 оны 12 дугаар сарын 18-нд дэлгэцнээ гарсан байна. Энэ кино нь түүний хувьд “Титаник” кино буюу 1997 оноос хойших анхны томоохон хэмжээний бүтээл болжээ. Киног 2009 оны тавдугаар сард дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн ч кино театруудад 3D бүхий прожектор суулгах ажлыг бүрэн дуусгахын тулд нээлтээ хойшлуулжээ. Ингэснээр Камероны шинэ бүтээл “Титаник” киноны амжилтыг эвдэн хоёр тэрбум доллар давсан ашиг олсон дэлхийн анхны кино болсон байна. “Аватар” кино Оскарын шагналын есөн төрөлд нэр дэвшсэн олон шагнал хүртэнэ гэж олон хүн тооцож байсан ч ердөө гурван шагнал хүртсэн юм. Жеймс Камерон шилдэг кино найруулагчийн шагналаа хуучин эхнэр Катрин Бигеловт алдсан билээ. Түүний хуучин эхнэр “Харт Локер” киногоороо 2010 оны Оскарын шилдэг кино найруулагчийн эзэн болжээ. Кино найруулагч тэрбээр таван удаа гэрлэж байжээ.

Thursday, June 3, 2010

Уран илтгэх урлаг гэж юу вэ?

Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг гээч зүйл бий болж, энэ чиглэлээр сүргалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидзт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг.

Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй, Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог аж. Нэгэн сонирхолтой жишээ яръя л даа. МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх хэний ч мэдэхгүй нэгэн байжээ. Түүгээр ч барахгүй хэн ч сонссон шоолж инээмээр тультраа хэл яриатайн дээр цээжин биеэрээ учиргүй бөгтгөр нуруутай хүн байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ. Ийнхүү тэр асар их тэвчээрийн ачаар олон хүнийг үг яриагаараа илбэдэгч удирдагч болсон түүхтэй.АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн ная орчим хувь нь цэргийн гаралтай байсан ба маш уран гоё ярьдаг хүмүүс байв. Авраам Линкольноос авахуулаад Ричард Никсон, Жорж Буш, Билл Клинтон гээд ёстой л уран үгийн эзэд. Тэд индэрт хэлэх илтгэлээ бүр зургаан долоон хоногоор бэлтгэдэг бөгөөд тэдэнд үг бэлддэг тусгай өрөө хүртэл бий гэнэ.

Та заавал уран илтгэгч байх ёстой юү?
Улс төрчдөөс гадна аливаа салбарын лидерүүд уран илтгэлийн мастер байх нь бий. Бизнесийнхэн, шашны нэрт зүтгэлтнүүд ч үгээр авьяастай. Уран илтгэх урлаг яваандаа энгийн амьдралд ч хэрэглэгдэх боллоо. Заавал олныг байлдан дагуулахуйц лидер байхаа байг гэхэд зөв цэгцтэй, логиктой ярьж сурахыг хүсдэггүй хүн байхгүй. Наад зах нь хүн болгонд тохиолддог хайр сэтгэлийн асуудалд энэ нь гол нөлөөтэй аж. Сэтгэлтэй хүндээ өөрийгөө зөв илэрхийлж, мөн нээж чаддаг байхын тулд мөнөөх илтгэх урлаг зайлшгүй шаардлагатай гэнэ. Үнэнийг хэлэхэд ийм чадаар манай залууст дутмаг. Уран илтгэнэ гэдэг нь над мэтэд байх авьяас биш гэж бодож хэзээ ч болохгүй. Орчин үед залууст өөрийгөө хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал. Харин өөрийгөө хөгжүүлэх гол алхам нь уран илтгэж сурах гэнэ. Уран илтгэлийн гол зорилго нь юу ч ярьж байсан тэр сэдэв шийдлийг бусдад хүргэх, тэдний сэтгэл зүйг үгийн гайхамшигаар байлдан дагуулахад орших ажээ. Хүн болгон гайхамшигтай илтгэгч болдоггүй. Авраам Линкольн тариачны сууринд очиж өндөр зүйл дээр гарч зогсоод яриа хийж илтгэх чадвараа дээшлүүлдэг байжээ. Сайн илтгэгч болно гэдэг бол хичээл зүтгэлийнх гэж нэгэн ухаантан хэлжээ.

Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх
Танд заримдаа олны өмнө гараад айх, сандрах, ямар нэгэн бэлтгэлгүйн улмаас хэлэх гэсэн үгээ мартах, юу ярьж буйгаа сүүлдээ мэдэхээ байчихдаг үе тохиолддог уу? Тэгвэл шинээр илтгэгч болж буй хүмүүст хандаж хэлэхэд, хамгийн түрүүнд амьсгаагаа зөв авах, тэгээд зорилгоо тодорхойлох, үүндээ нийцсэн илтгэлийн төлөвлөгөө зохиох, тэгэхийн тулд ярих зүйлийнхээ талаар хангалттай мэдлэг хуримтлуулсан байх шаардлагатай аж. Мөн нэг чухал зүйл бол сэтгэлзүйн бэлтгэлтэй байж эхлэлээ сайн хийх явдал. Мордохын хазгай гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү.

Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна гэсэн үг байдаг. Олон эрдэмтэд энэ үгийг хүлээн зөвшөөрдөг юм билээ. «Жинхэнэ баатар эр эцсийн том тулалдаанд орохын тулд мянга мянган жижиг тулалдаанд ялдаг гэдэг. Үгийн сонголт, дууны өндөр нам байх, тайзыг хэрхэн эзэмших, хэдийд эхэлж, хэдийд дуусгах вэ, хэрхэн асуулт асуух, яаж унших гээд суралцах зүйл маш олон. Өөрийгөө хүн хэзээ ч «Би чадахгүй, энэ бол бүтэшгүй зүйл» хэмээн чамлах нь туйлын буруу гэнэ. Генерал болохыг хүсдэггүй цэрэг хэзээ ч цэрэг болж чаддаггүй гэдэг. Уран илтгэгч болъё л гэвэл чи зорьсондоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Алхам алхмаар хөгжсөөр яваандаа амжилтад хүрнэ. Үүний тулд хамгййн гол нь зорилгоо зөв тодорхойлох. Тэгээд түүнээсээ гажихгүй, хатуу чанд дэглэмтэй байх явдал чухал юм байна. Уран илтгэгч болох хүн заавал сайхан царай зүс, гоё хувцастай, цээлхэн дуу хоолойтой байх албагүй. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх нь амжилтад хүрэх үндэс болдог аж.

Эх сурвалж: http://khuvsgul.net

Wednesday, April 7, 2010

Өнөөдөр хамгийн анх хийж байсан анимэйшн-ээ нийтлэе

Миний анхны уран бүтээл

Блогоор маань зочилж байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдрөөс блогоо ажиллуулж шинэ сонин мэдээ, сонирхол татахуйц зүйлүүдйиг нэмж байхаар шийдлээ. Өмнө блог нээцэн боловч огт юм нэмдгүй байлаа. Энд би өөрийнхөө хийсэн зүйлүүд болон, дуртай, таалагдсан янз бүрийн зүйлүүд нийтлэж байх болно. Ингээд өөрийнхөө хамгийн анхны уран бүтээлийг нийтлэхээр шийдлээ. Магадгүй та бүхэн өмнө үзсэн байх энэ клипийг 3 найзтайгаа хамтран дипломын ажил болгон хийж байлаа.

Tuesday, January 26, 2010

Кино ертөнцийн түүхэнд хамгийн их зардлаар бүтсэн кинонууд

Дэлхийн кино театруудаар Жеймс Камероны "Avatar" кино гараад удаагүй байна. Одоогийн байдлаар дэлхийн кино ертөнцийн түүхэнд хамгийн их зардлаар бүтээд байгаа эл киноны тухай хэвлэлийнхэн төдийгүй кино шүүмжлэгч, сонирхогчид ч ярилцаж байна. Холливудын кино бүтээгчдээс хэн нь ч өдийг хүртэл 500 сая ам.доллар буюу Европын жижиг улсын нэг жилийн төсөв болж чадах ийм мөнгийг бүтээлдээ зориулж зүрхлээгүй байсан. Тиймдээ ч кино ертөнцөд жинхэнэ утгаараа тэсрэлт болоод байгаа уг киноны тухайд олон үг илүүц. Ингээд кино ертөнцийн түүхэнд хамгийн их зардлаар бүтсэн 15 киног танд танилцуулъя. Энэхүү тоймийг Америкийн Chicago Now хэвлэлийн газар бүрдүүлэн толилуулжээ.
15. Хурд 2- (1997) – 215 сая ам.доллар.
Энэ киноны усан онгоц живүүлэх зураг авалтад бусад зураг авалтаас хавьгүй их мөнгө зарцуулсан байна. Киноны зардлын дийлэнх мөнгө зөвхөн эл хэсгийн зураг авалтад явжээ. Дэлхийн кино түрээсийн газруудаас уг кино ердөө 220 сая ам.доллар олсон нь киноны зардлаа дөнгөн данган эргүүлж олсон гэсэн үг. Юун ашиг олох манатай!
14. Икс хүмүүс: Сүүлчийн тулаан (2007) – 218 сая ам.доллар.
Икс хүмүүсийн төгсгөлийн хэсгийн зураг авалт мөнгийг жинхэнэ “уусан” гэдэг. Усан онгоцны живэлтийг харуулж дэмий шахам мөнгө зарлагадсан өмнөх киног бодвол энэ киноны түрээс хангалттай их буюу 478 сая ам.доллар цуглуулж чаджээ.
13. Зэрлэг, зэрлэг Өрнө (1999) -220 сая ам. доллар.
Нэрт peп дуучин Уилл Смитийн тоглосон эл кино ердөө л 285 сая ам. доллар олж 60 сая гаруйхны ашиг олжээ.
12. Нарниагийн түүх: Ханхүү Каспиан (2008) – 225,9 сая ам. доллар.
Нарниагийн түүх киноны хоёрдугаар анги дэлхийн кино түрээсийн газруудаас 420 сая ам.доллар олж, зарлагаа хангалттай нөхөж чаджээ.
11.Хүн-аалз 2(2004)-228 сая ам. доллар.
Хүн аалзын хоёрдугаар анги нь үзэгч, шүүмжлэгчдийн зүгээс санал гомдол, сайшаал магтаалаар бөмбөгдүүлсэн. Түрээсийн орлого нь 896 сая ам.доллар хүрч “цөм” ашиг хийжээ.
10. Кинг Конг (2005) – 229 сая ам.доллар.
Питер Жексоны уран зөгнөлт кино шүүмжлэгчдэд ихэд таалагдсан ч шууд ашиг олж чадахгүй л байлаа. Аажим аажмаар киноны эрэлт ихэсч түрээсээр 608 сая ам.доллар олов.
9. Терминатор 3: (2003) -234 сая ам. доллар.
Дур татам үзэсгэлэнт терминатор бүсгүй уг киног түрээснээс 508 сая ам.доллар олоход хүргэжээ. Учир нь уг кино шүүмжлэгчдийн зүгээс багагүй “банга” хүртсэн.
8. Карибын тэнгисийн дээрэмчид 2: (2006) – 241 сая ам. доллар.
Кино бүтээгчид хоёр дахь “дээрэмчдийн” ачаар багагүй мөнгө халааслаж чадсан. Киноны түрээсийн ашиг нэг тэрбум хүрсэн гээд бод доо!
7. Усны ертөнц (1995) – 248 сая ам. доллар.
- Хүмүүс усан дор амьдардаг!
- Тэд яаж амьсгалдаг юм бол?
- Загасны загалмайн тусламжтайгаар гэнэ!
“Усны ертөнц” хэмээх эл уран зөгнөлт кино АНУ-ын түрээсүүдээс 124 сая ам.доллар олсон ч дэлхийн зах зээлд илүү амжилт гаргасан юм.
6. Хүн- аалз 3 (2007) – 268 сая ам. доллар.
Хүн аалзын тухай хийсэн нөгөө хоёр киноноосоо гурав дахь нь харьцангуй өндөр зарлагаар бүтжээ. Арай л үнэтэй болчихов уу даа гэж найруулагчийнхаа сэтгэлийг хөндөөд авсан киноны орлого 927 сая ам.доллар хүрч сая нэг санааг нь амраажээ.
5. Титаник (1997) – 269 сая ам. доллар.
Жеймс Камероны “Титаник” гайхалтай болж үзэгчдийн зүрх сэтгэлийг жинхэнэ утгаар байлдан дагуулж кино түрээсээс асар их буюу 2.48 тэрбум ам.долларын ашиг олсон юм. Энэ их ашиг нь найруулагчид цаашдын киногоо бүтээх хөрөнгийг нөөцлөхөд хүргэж магадгүй ” Аватар” төрсөн байх.
4. Супермен эргэж ирсэн нь (2006) – 289 сая ам. доллар.
Энэ бол Брайан Сингерийн хувийн төсөл байсан юм. Кино түрээсээс 419 сая ам.долларын ашиг олсон ч кинонд зарцуулсан 289 ам.доллар болон киноны сурталчилгаа, маркетингад зориулсан болон бусад зардлаа арай л гэж олсон байна.
3. Клеопатра (1963) – 310 сая ам.доллар.
Элизабет Тейлорийн гол дүрд нь тоглосон уг түүхэн кино одоог хүртэл дэлхийн кино ертөнцөд хамгийн үнэтэй кинонуудын нэгд зүй ёсоор бичигдсэн хэвээр. Зөвхөн Америкт л гэхэд 402 сая ам.долларын орлого олсон гэдэг.
2. Карибын тэнгисийн дээрэмчид 3: Ертөнцийн төгсгөлд (2007) – 317 сая ам. доллар.
"Дээрэмчдийн" гурав дахь анги нь хоёр дахиасаа өндөр өртгөөр бүтээгдсэн ч бараг л адил буюу нэг тэрбум жаахан гаруйн орлого олсон юм. Гэхдээ л гурвал кино кино ертөнцөд дээгүүрт жагсдаг.
1. Avatar (2009) – 500 сая ам. доллар.
"Аватар" – дэлхийн кино ертөнцийн түүхэн дэх хамгийн үнэтэй бүтсэн кино. Хэдийгээр "Хорьдугаар зуун Фокс" киноныхоо зарлагыг албан ёсоор мэдээлээгүй ч Холливудын бусад киноны зардлыг нэг дахин нугалсан гэдэг нь тодорхой болсон.